Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга манай улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзана.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм.

Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, "Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.
Энэхүү айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол, Канадын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.