Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн боловсон хүчин дутмаг байдаг

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар тус сургуулийн Захирал Б.Батсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн боловсон хүчин Унгар Улсад бэлтгэгддэг байсан ба нийт багшийн 70-80 хувь нь мэргэжлийн багш нар ажиллаж байсан бол эдүгээ 9 мэргэжлийн багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд багшийг мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургуульд хамруулах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд дуулгаж байсан юм.

Дараа нь 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн тусгай цэцэрлэгүүдийн нэг 186 дугаар цэцэрлэг нь долоон анги бүлэгтэй, хэл засал, биеийн тамир, ритм-хөгжим, усан бассейн, хүүхдийн цогц хөгжил зэргийг багтаасан өрөөнүүдтэй юм байна. Харин Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль нь мэргэжлийн хичээлийн сургалт явуулдгаас гадна эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа сургалтын үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээлийн тухай мэдээлэл сонссоны дараа нэн яаралтай шийдвэрлэвэл зохистой асуудлуудын талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын барилга баригдах гэж байгаа нь олон хууль зөрчиж буй хэрэг. Ёс зүйн хувьд ч монголын төр хүүхдийнхээ эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргах ёсгүй. Иймд энэ захирамжийг буцаах тал дээр ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.