Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд 280 сая төгрөгний үнэ бүхий байр хандивлажээ

Маргад-Эрдэнэ гэх зургаахан настай бяцхан хүүг буруу оношилсноос болж эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул тулгараад байна.  Хүү мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг манай эмнэлэг, лаборатори бөөрний хорт хавдар гэж буруу оношилж улмаар химийн хүчтэй эмчилгээ, бөөрний хагалгаа хийлгэж эрүүл мэндээрээ давхар, давхар хохирсон.

"Маргад-Эрдэнэ бидний эрдэнэ" аянд нэгдэхийг уриалж байна

 Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах хандивын аян эхлээд байгаа бөгөөд бяцхан хүүд амьдрал хайрлахыг хүссэн зураач, уран бүтээлчид сэтгэлээрээ нэгдэн өөрсдийн уран бүтээлийг хандивлан, дуудлага худалдаа явуулахаар болжээ. Бүтээлийн орлого 100 хувь хүүгийн эмчилгээнд зориулагдах аж. “Маргад-Эрдэнэ Бидний эрдэнэ” нэртэй уг аяны хүрээнд зөвхөн дуудлага худалдаа явуулаад зогсохгүй, уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргаж, урлагийн өдөрлөг, тоглолт зохион байгуулж, хандивын хайрцаг аялуулна. Хандивын аян хүн бүхний өмнө нээлттэй бөгөөд хандивын бүтээлийг гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл авах юм байна.

Мөн Маргад-Эрдэнийн талаар хийсэн шууд бичлэгийг үзсэн Сандэй барилгын компанийн эзэн бүсгүй хүүгийн ээжтэй уулзаж Зайсан дахь "Алтан богд цогцолбор"-ийн 280 сая төгрөгийн үнэ бүхий 79 мк 2 өрөө байрыг эмчилгээнийх нь зардалд хандивлажээ. 1мк нь 3сая 600 мянган төгрөгийн үнэтэй уг байрыг хэдээр зарахаа өөрсдөө мэдээрэй гэж хэлсэн бөгөөд уг байрыг худалдан авч эмчилгээний зардалд нь туслаарай гэж хүүгийн ээж хүссэн байна.